Ц.Оюунгэрэл: Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн

0
oyungerel5_1920_x_1050-181459-45932208020180924181506

-Танд нийгмийн зүтгэлтэн, улстөрч, зохиолч гэсэн дүрүүд харагдаад байна. Та чухам аль нь юм бэ?
-Би номоо бичихээрээ зохиолч, жорлонгоо ярихаараа иргэний нийгмийн зүтгэлтэн болчихдог. Сая би НҮБ-ын хуралд иргэний нийгмийн зүтгэлтний байр сууринаас ярьсан. Тэгэхээр надад улстөрч, иргэний нийгмийн зүтгэлтэн, зохиолч гэсэн гурван дүр байна. Гэхдээ энэ гурван дүр хоорондоо зөрчилддөггүй. Би аль ч дүрээрээ ажилласан хүний эрхийн төлөө гэсэн ганцхан жанжин шугам намайг чирж явдаг.

Жорлонгийн төсөл рүү би хүний эрх ярьж байгаад л орчихсон. Би хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яаж бие засуулах вэ, хүүхдийг хэрхэн унагахгүй, ахмад хүнийг яавал суултуурт суулгах вэ. Энэ хүмүүсийн бие засах эрхийг яаж эвтэйхэн хангах вэ гэж бодож энэ сэдвийг даацтайхан судлахгүй бол шийдэгдэхгүй гэдгийг ойлгосон. Амар шийдэгдэх ажил биш юм байна, өөрөө л судлахгүй бол болохгүй юм байна гэсээр жорлонгийн идэвхтэн болчихлоо.

-Улстөрч хүн өөрийн гол сэдэвтэй байх хэрэгтэй гэж би Таны ярихыг сонсож байсан. Тэр сэдвийг Та нийгмийн амьдрал дундаас олоод байна уу?
-Би сонирхолтой сэдэв хөөцөлдөж улс төр хийдэггүй. Харин гол сэдэв бол байнга бий. Анх тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн асуудал намайг улс төрд оруулсан. Би хүний эрхтэй холбоотой асуудлыг маш их сонирхдог. Батаар гэхэд л үлэг гүрвэл гэхээсээ тусгаар тогтнолтой холбоотой асуудал байсан учир миний хувьд маш чухал байсан. Монгол Улсын тусгаар тогтнол соёл, соёлын өвөөр дамжиж хэрэгждэг. Тийм учраас Монгол Улсынхаа үнэт зүйлийг гадаадын хууль бус зах зээлээс олохын төлөө ажилласан.

Би хэдийгээр палеонтологийн сэдвийг улс төр, өөрийнхөө үйл ажиллагааны сэдэв болгоё гэж зориогүй ч цаад чухал үнэт зүйл нь намайг энэ сэдэв рүү оруулсан. Жорлон ч ялгаагүй. Ардчилал ч адилхан. Хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөтэй, шударга шүүхтэй, иргэний нийгэм нь хүчтэй байх ёстой, иргэд нь сонгох эрхтэй байх ёстой, сонголтгүй зүйл тулгаж болохгүй гэх мэт ардчиллын суурь зарчмууд намайг тухайн сэдэв рүү хөтөлдөг. Тухайн цаг үед анхаарал тавихаас аргагүй сэдвийг би гоцолж ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр улс төрд сэдвээ хайж байгаа залуучууд байвал сэдвээ хайхаас өмнө үнэт зүйлээ ол гэж хэлнэ. Тэр үнэт зүйлээ бэхжүүлэхийн төлөө дуугарч бай. Тэгэхэд таны сэдэв аяндаа гарч ирнэ гэж хэлмээр байна.

-Та УИХ-ын сонгуульд ялагдсан жилдээ Ногоон нүдэн лам романыхаа хоёр дахь дэвтэр “Жаран цагаан хонь” романаа бичнэ гэсэн, бичээд гаргачихлаа. Одоо уран бүтээлийн ямар сонинтой байна вэ?
-“Жаран цагаан хонь” номоо гаргаснаас хойш уран зохиол руу ороогүй байна. Энэ номоо гаргаад л би “Жорлонгоо өөрчилье” гэдэг ном бичээд эхэлсэн. “Жорлонгоо өөрчилье” номоо гаргачихаад шууд сургалтуудаа явуулаад эхэлсэн. Одоо миний толгойд хамгийн их буцалж байгаа контент бол би анх удаа кино зохиолын багт ажиллаж байна.

-Ямар кино вэ. Сонирхолтой байна уу?
-Киноны нэр нь нууц. Тэр киног зарлах болоогүй, зарлах эрх нь надад байхгүй. Би кино зохиолч биш, гэхдээ зохиолчтойгоо өдөр тутам ажиллаж байгаа. Маш сонирхолтой. Кино зохиол бичдэг, ажлаа хурдтай гүйцэтгэх чаддаг хүмүүстэй ажиллах сайхан байна. Би роман бичээд л уран зохиолын зах зух руу орсон. Роман бол бичлэгийн хувьд кино зохиолоос өөр. Би хүний бичсэн кино зохиолыг уншиж, хянах, зөвлөгөө өгөх ажил хийж байна. Гэхдээ энэ уран бүтээл зохиол бичих шатандаа л явна. Миний хувьд уран бүтээлийн цоо шинэ ажил.

-Орчин үед ямар залуу хүнийг XXI зуунд аялах тасалбараа авсан гэж үзэх вэ?
-Боловсрол, технологи, хариуцлага. Энэ гурван зүйлд тийз авах хэрэгтэй. Хариуцлагагүй хүн энэ нийгэмд явахгүй шүү. Фэйсбүүк, твиттер зэрэг онлайн сүлжээнүүд энэ хүн нийгмийн сүлжээнд хэр зэрэг хариуцлагатай вэ гэж түүх үүсгэдэг болчихож. Тэр түүх нь виз авахад хамаарч байна. Нэг гадагшаа явъя гэтэл “Өө та чинь, твиттерт хүнийг янз бүрээр заналхийлдэг хүн байна шүү дээ. Ийм харгис хүнийг явуулахгүй” гээд виз өгөхөө больчихож. Нийгмийн сүлжээнд, амьдрал дээр ч таны хариуцлагын оноо XXI зууны маш том үнэлгээ юм билээ. Үнэлэмжийн систем асар нарийсаж байна.

Маш хариуцлагатай байх нь XXI зуунд сайн явах нэг жанжин шугам. Энэ жанжин шугам үеийн үед байсан. Гэхдээ нэг хэсэг эрэмбэ дараа алдагдаад зальтай нь болоод байгаа юм шиг, шударга нэг нь хамгийн сүүлд үлдэх юм шиг үнэт зүйлийн гажуудал үүссэн. Одоо энэ гажуудлыг технологи эргээд засаж эхэлж байна. Шинэ зуунд технологийн хүчээр бидний хариуцлагын оноог тооцоод эхэлчихсэн. Энэ үнэлэмжид өндөр оноо авч яваарай гэж залуустаа хэлмээр байна. Дээр нь боловсролын төлөө байнга тэмүүлдэг байгаарай. Юм уншиж, судалдаг, суурь үнэт зүйл түүхтэй нь судалдаг байгаарай, битгий хэтэрхий хялбар байгаарай гэж хэлмээр санагддаг. Диплом авчихаад боловсролтой болчихлоо гэж тайвширч болохгүй. Жинхэнэ боловсрол ажил, амьдрал дээр өдөр тутам урд чинь байж байгаа. Тэрнээс байнга сурч явах хэрэгтэй.

-Нийгэмд тодорхой байр суурьтай амьдрахын тулд сошиал орчинд олон дагагчтай, тодорхой байр суурьтай байх хэрэгтэй юү?
-Сонголтын л асуудал. Хэзээ нэгэн цагт чамд олон хүний санал, дэмжлэг хэрэгтэй бол сошиалд олон найзтай байвал сайн л байна. Улстөрчид байнга л олон хүний дэмжлэгийг үгүйлж явдаг хүмүүс шүү дээ. Тиймээс сошиалгүйгээр улс төрийн дэмжлэг хэцүү. Бизнесийнхэн бараа, үйлчилгээгээ зарахын тулд сошиалаас тийм амар гарч чадахгүй. Харин иргэн хүний хувьд олон, цөөн найзтай байх, илүү нээлттэй байх эсэх нь тэр хүний сонголтын л асуудал.

Хүмүүсийн янз бүрийн эрэлт хэрэгцээгээ хангах технологи л өмнөх үеийнхнээс илүү байна гэсэн үг. Энэ технологийг ашиглах эсэх нь цэвэр сонголтын асуудал шүү дээ. Манай нөхөр бид хоёр гэхэд хоёулаа адилхан “Ногоон нүдэн лам”-аа бичсэн, хоёулаа адилхан номоо зарах хүсэлтэй. Тэр хүн сошиалд ямарч идэвхгүй. Би сошиалд жаахан идэвхтэй болоод өгөөч, гадаад зах зээл, борлуулалт энэ тэр гэхэд “Үгүй ээ, энэ бол миний сонголт” гэдэг. Уулздаг хүмүүстэйгээ уулзаад, найзуудтайгаа уулзаад л явж байя гэдэг.

-Та ажлаа бүтэн жилээр төлөвлөдөг үү?
-Том зорилтоо жилээр нь төлөвлөдөг. Тухайн жилдээ ийм л ажил амжуулна гэж төлөвлөсөн бол түүнийгээ яг л хийдэг. 2019 оны томоор нь харах зорилго бол шинэ, хямдхан жорлон. Илүү олон айлын жорлонг өөрчлөхөд тусалж чадах шинэ бүтээгдэхүүн гаргах. Би үүнд зориулж “Нутгийн шийдэл”-ийнхээ хамт олонтой хамтарч судалгаа хийх, энэ төслийг санхүүжүүлэх хөрөнгө босгох ёстой.

-2020 он бол сонгуулийн жил. Та сонгуульд нэр дэвших үү?
-Хэлж мэдэхгүй юм. Энэ сэдвийг би нээлттэй үлдээсэн. Надаас хамаарахгүй зүйл гарч болох учир ямар нэг төлөвлөгөө гаргаагүй. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд очиж байж жорлонгийн асуудал илүү хурдтай явна гэж үзэж байгаа учир өрсөлдөх л байх.

-Гадаадад амьдарвал илүү сурч боловсорно, хүүхдээ илүү сайхан орчинд өсгөж, хүмүүжүүлнэ гэх мэтээр мөрөөдөх залуус олон. Таны хувьд ч нөхрөө дагаад ийм бодолтой залуусын адилаар гадаадад амьдрах боломж байсан?

-Би улс төрд орохдоо гурван зүйлийн төлөө орсон гэж хэлсэн дээ. Тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх гэж. Яг үнэнийг хэлэхэд энэ бүхнийг хийхэд маш их хүн хүч, сэтгэл зүтгэл хэрэгтэй байдаг. Тэрийг гаднаас хийж болохгүй. Гадаадад байсан бол би сошиалд сэтгэгдэл бичихээс өөрөөр оролцож чадахгүй. Хууль батлахад оролцох, хүмүүстэй нүүр тулаад уулзаж чадахгүй. Тийм учраас би Монголдоо өөрчлөлт хийх, эх орондоо амьдрах орчныг илүү таатай болгох нь миний амьдралын зорилго гэх үү дээ. Тиймээс анхнаасаа надад Америкт амьдрах, ногоон картыг нь авах сонголт байсан ч би энэ сонголтыг авч хэлэлцэж байгаагүй.

-Эх оронч?
-Эх оронч гэж дөвийлгөх хэрэггүй байх. Миний хувийн зорилгод гадаадад амьдрах нь нийцээгүй. Миний хувийн зорилго бол Монголдоо амьдрах, Монголоо сайхан болгох. Тийм учраас би нөхрийгөө хувийнхаа зорилгод нийцүүлж, Монголдоо дагуулж ирсэн(инээв).

-Таныг Америкт нисэхийн инженерээр төгссөн хүүгээ хүртэл “Хамгийн их проблемтэй газарт хамгийн их боломж байдаг. Проблемноос шийдэл, баялаг үүсдэг” гэж ятгаж Монголдоо ажиллуулах болсон тухай хүү тань залууст ярьсан байсан?
-Тэгсэн. Хоёр хүүхэд маань бас л тэдний хуулийн дагуу ногоон карт авах, бүр иргэн нь ч болох эрхтэй байсан. 26 нас хүртлээ энэ шийдвэрийг тэд гаргах эрхтэй байлаа. Би хүүхдүүдийгээ нэг нь ч ногоон картны өргөдөл бичихгүй шүү, та хоёр монгол хүүхдүүд шүү гэж хүмүүжүүлсэн. Тэд ч минийхээр болж Монголдоо ажиллаж амьдрах бөөн итгэлтэй хүмүүс болцгоосон.

Идэр-Одыг олны өмнө яриа хийж байхыг нь би анх удаа үзэгчийн танхимаас сонслоо. Ээж ингэж хэлсэн гээд яриад эхлэхээр нь нээрээ тэгж байсан юм байна шүү гэж санасан. Ер нь л гэрт нэг асуудал болохоор би дандаа л хэлдэг дээ. “Наад асуудал чинь гоё драм байна, нэг юм болгооч. Далимд нь нэг шинэ зүйл судлаад аваач. Ийм гоё асуудал чинь чамд дахиж тохиохгүй шүү, ингээд хувиргачихвал ховор завшаан биш үү” гээд л явчихдаг юм.

-Таны хүүхдүүддээ хэлэх дуртай үг?
-Манай хүүхдүүд ээжийн амнаас хариуцлага гэдэг үг хамгийн их гардаг гэдэг. Ямар үг олон хэлдгээ би мэдэхгүй байгаа юм. Хүүхдүүдээ багаас нь бие даасан, шийдвэр гаргах чадвартай, хийж байгаа зүйлдээ хариуцлага хүлээх чадвартай хүн болгохыг хичээсэн. Хариуцлагатай бай, амьдрах чадвартай бай гэж хамгийн их хэлдэг байсан гээд манай хүүхдүүд инээдэг. Ямар ч бага мөнгө өгсөн наадахаа хүргэ, болго гэсэн зарчмаар л ханддаг даа.

-Хүсэл эрмэлзэл дүүрэн залуус Таныг цахим орчинд дагаж, Таны лекцийг сонсох дуртай байдаг. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Энэ зун би Швейцарь, Швед, Финляндаар явлаа. Өндөр хөгжилтэй гурван орноор яваад нэг л зүйлд маш атаархлаа. Тэр улсын залуучуудын мэдлэгтэй, өндөр боловсролтой нь үнэхээр харагдаж байна. Тэд дэлхийн 4-5 хэлээр ярьж, дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авч байна. Шинэ бүтээл, шинэ бүтээгдэхүүн, инновацид маш их цаг зарцуулж байна. Энэ улсууд өмнөх үеийнхнийхээ бүтээсэн баялгийн ихээхэн хэсгийг залуучуудынхаа гаргасан шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнесийг дэмжих зээл олгоход зарцуулж байна. Хаашаа л харна бизнес инкубатор, старт-ап инкубатор, инновацийн төвүүд. Тэгэхээр залуу байгаа дээрээ толгойдоо л их зүйл хий, залуу дээрээ сур. Монгол хүний ямар л чадвар байна, тэр бүхнээ ашиглаад сурахад маш их цагийг зарцуул гэж залуустаа хэлмээр санагдсан.

Дахин хэлье, дээр нь маш хариуцлагатай бай. Ахмадууд хариуцлагагүй юм чинь гээд залуучууд дуурайж болохгүй. Та нар бидний үеийнхнийг дуурайх биш, гаднын залуусыг өөрийнхөө өрсөлдөгч гэж харж, хариуцлагатай бай. Тэнд хууль, экологийн хариуцлага маш чанга, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа залуус хэний ч бүтээлээс хуулахгүй, худлаа хэлэхгүй. Иш татах зүйлүүдээ ном ёсоор иш татаад, хэнээс ямар санаа иш татсанаа ном ёсоор нь хэлээд, оюуны өмчийг дээд зэргээр хүндэлж байна. Маш ухаалаг, хэмнэлттэй амьдарч байна. Тэд дугуй унаад л давхиж байна. Сайндаа л мопед унаж байна. Байгаа мөнгөндөө санхүүгийн сахилга баттай амьдрахыг Европын залуус харуулж байна л даа. Би Европын хотуудад очихоороо байнга л алхчихдаг. Тэнд алхаж яваа, дугуй унаж байгаа хүмүүс нь дан залуус байгаа болохоор тэдний эрч хүч их мэдрэгдлээ.

-Таны хэлсэн хөгжих эрх бол хүний эрхтэй адил хэмжээний эрх байх, тийм үү?
-Ямар ч улс оронд иргэдийнхээ оролцоог хангаж, иргэддээ нээлттэй хөгжих нь хүний салшгүй эрх мөн гэж томъёологддог юм билээ. Өөрөөр хэлбэл, улс хөгжих гэж байгаа нь энэ гээд өөрт чинь мэдэгдэхгүйгээр танай гэрийг шууд нураагаад зам барьж болохгүй гэсэн үг. Хөгжилд иргэн оролцох эрхтэй. Энүүгээр зам барих гэж байгаа бол надад эхлээд хэлэх хэрэгтэй. Надад нөхөн төлбөр өгч байж миний газрыг авах ёстой. Тэгээд хүүхдээ ч хөгжүүлж чадах, өөрөө ч ажилд орох боломжтой байршилд нүүж очих эрхтэй. Хөгжих эрхийн конвенц бол иргэнд зориулсан конвенц, хөгжлийн нэрээр хүний эрхийг хамаагүй зөрчиж болохгүй.

Дээр нь хөгжүүлэхгүй хэтэрхий удааж хүмүүсийг хөсөр хаяж болохгүй гэсэн утга санаанууд бүхий тунхаг юм. Жишээлбэл, бохир жорлонтой нь аюултай байдалд, үгээгүй ядуу удаан байлгаж болохгүй. Яаж ажилтай, мөнгөтэй болгох вэ гэж хамтарч санаачилга гаргаж байх ёстой. Жорлонгоо өөрчилье хөдөлгөөн иргэдээ насанд туршид нь өмхий, аюултай орчинд бие засуулахгүй гэж тэмцэж буйгаараа хөгжих эрхийн төлөө тэмцэж байгаа.

-Тэгэхээр Монголд хөгжих эрхийг хангах яагаа ч үгүй байх шиг. Та юу гэж бодож байна?
-Манай улс бол хөгжих эрхийг маш дутуу хангаж байна. Хуульд хөгжих эрхийг хангасан тодорхой заалтууд байдаг. Жишээлбэл, ажлаас халбал гэнэт халагдсаны мөнгө өгдөг. МСҮТ-үүдэд үнэ төлбөргүй сургалтууд явагддаг, насан туршийн боловсрол олгодог гэх мэтээр хүнийг хөгжүүлэх зүйлүүд байдаг. Дээр нь манай Нийтийн сонсголын тухай хууль хөгжих эрхийг хангах маш том хууль юм билээ. Энэ хуульд танай орон нутагт хог хаягдал, зам ус зэрэг дэд бүтэцтэй холбоотой том том асуудлыг шийдэх гэж байгаа бол иргэдээ заавал оролцуулж, иргэдийн саналыг авсан байх ёстой гэдэг. Хөгжих эрхийг хангах хамгийн гол зүйл нь иргэд хөгжлийн асуудалд зориулах төсвийн хэдэн хувийн шийддэг вэ? гэдэг асуултад л хариулдаг юм байна. Иргэд нэг ч төгрөг шийдэх эрхгүй бол хөгжих эрхэнд оролцох эрхгүй л гэсэн үг.

Мөн иргэдэд мэдээлэл өгч байж иргэдийн саналыг авна. Мэдлэггүй хүнээс санал асуувал хөгжих эрхийн зөрчил болдог. Мэдээлэл өгч байж үнэ цэнэтэйгээр саналыг нь ав гэдэг. Манай “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн хүмүүст мэдээлэл хүргэх зорилготой байсан. Бидний сургалтад суусан хүмүүс эрүүл ахуй, стандарт, хууль эрхзүйн мэдээлэлтэй болж, манайд ямар жорлон тохиромжтой вэ гэдэг сонголт хийгээд, ийм жорлон тохиромжтой юм байна гэсэн шийдлээ олоод тардаг. Хүмүүст энэ талаар багц мэдээлэл өгсөн учир бид нар бүтэн жилийн турш хөгжих эрхийн төлөө ажиллажээ. Энэ зун жорлонтой холбоотой бизнес хийсэн старт-ап компаниуд амжилттай ажилласан. Жишээлбэл, Энэ жил маш их үер болсон. Үерийн дараа гэдэсний халдварт өвчин тархдаг шүү дээ. Гэтэл энэ жил халдвар аюултай түвшинд тархаагүй. Яагаад тархаагүй гэж бодож байна?

-Жорлонгоо сайжруулсан юм болов уу?
-Жорлонгоо хангалттай сайжруулж амжаагүй. Гэхдээ “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний хүрээнд жорлонг ариутгадаг компаниудыг бид маш их сурталчилсан. Эдгээр био тек компаниудын хүчээр маш олон бохир жорлонг ариутгасан. Жорлон үерт хальсны дараа гадуур урссан бохирыг богино хугацаанд бактериар идүүлж, цэвэрлэх ажиллагаа явагдсан. Биотехнологийн аргаар манай монголчууд халдварт өвчнийг багасгасан. Энэ бол “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний нэг том үр дүн гэж боддог. Жорлон гэдэг ганцхан модон жорлон төдий барилгын материалын асуудал биш барилга угсралт, тэрийг биологийн аргаар удирдаж, менежмент хийх биотек компаниа хөгжүүлэх асуудал.

Мөн бордоошуулах компани, жорлонг янз бүрийн нөхцөл байдалд тохируулж технологийг өөрчлөх технологийн сонголтын компаниудыг дэмжлээ л дээ. Бид нар өнгөрсөн өвөл “Жорлонгоо өөрчилье” номоо бичиж дууссан. Өвлөөс хойш хаваржингаа 21 аймгаар явж, жорлонгоо өөрчлөх талаар сургалт явуулсан. Зун нь жорлон барьж, ариутгаж, био бордоо хийдэг компаниудыг гурван сарын турш дэмжиж сурталчилгааг нь үнэ төлбөргүй хийж өгсөн. Хамгийн сүүлд одоо бид нар жорлонгийн зээл олгох банкуудтай хамтарч ажиллаж эхэллээ. Хамгийн түрүүнд Капитрон банк жорлонгоо өөрчлөх хүмүүст зориулсан бичил зээл гаргахад нь хөрөнгө босгох ажлыг хамтран зохион байгуулж байна. Одоо бид нар банкиудад туслах шатны ажилдаа орж байна гэсэн үг.

-Боловсон, эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонтой болоход хэр зэрэг өртөг хэрэгтэй вэ?
-Зах зээл дээр нэг айлын жорлон хамгийн хямддаа 1,5 сая төгрөгөөр босож байна. Үнэтэй нь 2,5 сая төгрөг, бүр септик танктай системээр нь хийлгэе гэвэл 15 сая төгрөг болж байна. Энэ нь бага болон дунд орлоготой, жинхэнэ жорлонгоо өөрчлөх шаардлагатай массд арай үнэтэйдээд байна. Тэгэхээр бид 1.5 сая төгрөгөөр жорлонгоо өөрчилье гэвэл урт хугацааны, бага хүүтэй зээлийг нь бэлэн байлгах хэрэгтэй гэж үзсэн учир Капитрон банктай хамтарч ажиллаж эхэллээ. Вьетнам, Камбож зэрэг улсад 200 ам.доллараар хийж болох жорлон манай нөхцөлд үнэ нь өсөөд 650 доллараас наашгүй болчихоод байна. Монголд хүйтэн учир тэр нь хагарна, эвдэрнэ. Тэгэхээр арай бат бөх юмаар хийх хэрэгтэй.

-Жорлон яриад эхлэхэд үүнээс өөр хийх ажилгүй юм байх даа гэх мэтээр шүүмжлэгчид олон байдаг. Тэгвэл жорлон яагаад чухал гэж?
-Хамгийн энгийнээр тайлбарлавал эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ. Бохир жорлонгоос олон өвчин үүсдэг. Жорлонд ялаа сууж өвчин дамжуулдаг. Жорлонгийн бохир гүний усанд шимэгдэж ороод, хөрсний усыг бохирдуулж, усаар дамжин өвчилж байна. Гуравдугаарт, бохир жорлонд хүүхэд, хөгшид унах, хальтрах зэргээр эрсдэлтэй. Мөн жорлонг цэвэрлэхгүй бол бактер вирусууд агаар бохирдуулж, агаар дуслын замаар өвчин дамжина. Жорлонгоо өөрчилбөл агаар дуслын замаар дамждаг, усаар дамждаг өвчин багасна, дээр нь жорлонтой холбоотой гэмтэл бэртэл буурна. Энэ бол хамгийн эхний ач холбогдол. Цаашлаад хүний нэртэй төртэй амьдрах эрх гэж бий. Тав тухтай бие засах, эрхэмсэг орчныг бий болгоно гэсэн үг.

-Манай аялал жуулчлалын салбарт ч шийдэгдээгүй хамгийн гол асуудал нь жорлон шүү дээ?
-Аялсан хүний сэтгэгдэл Монголд дараагийн аялагч ирэх эсэхийг шийддэг. Жуулчны хувийн сэтгэгдлийг таатай байлгахад нөлөөлдөг гол зүйл нь жорлон байсан. Нэг хэсэг бид чинь хоолгүй, Монголд ногоо байхгүй, зууш байхгүй гэж шүүмжлүүлдэг байлаа. Бууз, хуушуур, хорхог идсээр байгаад гүйлгэж туулгасаар ирлээ гэж гадаадынхан бичдэг байв. Одоо бол Монголд хоолны сонголт өргөн. Цагаан хоол, төрлийн бүрийн ногоо Монголд байна гэж бичдэг болсон байна лээ. Одоо бид нар жорлонгоороо муулуулж байна. Жорлонгоо өөрчилбөл жуулчин ирэхэд таатай орчин бүрдэж, жуулчны тоо нэмэгдэнэ л гэсэн үг.

-Таныг жорлонгоо өөрчилье гээд ажиллаад эхлэхэд 2020 оны сонгуульдаа бэлдэж байна гэж сошиалаар бичээд байна л даа. Тийм үү?
-Жорлонгоо өөрчилье төслөө 2017 оны 11 дүгээр сарын 19-нд эхлээд 2018 онд 11 сарын 19 буюу дэлхийн жорлонгийн өдөр хаая гэж төлөвлөсөн. Жорлонг улстөрөөс хараат бус байлгая, тэгж байж бүх хүмүүс жорлонг зөв ойлгох ёстой гэж бодсон. Ажиллаад эхлэхэд нэг жилийн дотор хийдэг ажил биш юм байна. Хоёрдугаарт, хүмүүс наад ажлаа битгий зогсоогоорой, бүх жорлонг өөрчлөгдтөл тууштай байгаарай гэж шахаж байна. Бүх жорлонг өөрчлөхийн тулд нэлээд мөнгө босгож, олон хүнийг зээл авах боломжтой болгох ёстой. Жорлонгийн өртгийг хямдруулахын тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй. Зохион бүтээгч нарт судалгааг нь хийж өгөх хэрэгтэй гэх мэтээр хийх ажил маш их байна. Бүх хүнд хэрэглэхэд, төлөхөд хялбар жорлонтой болохын төлөө явахаас аргагүй болсон.

-Тэгвэл та 2019 онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Төслөө үргэлжлүүлнэ, сургалт, олон нийтэд нөлөөлөх ажлаа үргэлжлүүлнэ. Дээр нь би жорлон бүтээхэд оролцохоос өөр аргагүй болж байна. Тэгэхээр 2019 онд энэ ажлыг үргэлжлүүлэн хийх нь. Тэгэхээр 2020 онтой золгоход сонгууль гэж ойлгоно уу, яана хүслээрээ л болох байх даа. Би эхлүүлчихээд дундаас нь хаях эрхгүй болсон.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here