Танилууд минь танихгүй болж хайртай хүн маань нүүр буруулах тэр үед өөрчлөлт хэрэгтэй болсон гэдгийг ойлгосон

0

“Эгч нь зүгээр л турсан хүн шүү дээ. Ярилцлага өгөх хэрэг байна уу” хэмээн анх санал тавихад инээмсэглэн хариулсан эмэгтэй бол Д.Ичинхорлоо юм.

Хэт таргалалттай тууштай тэмцэж, өөрийгөө ялан дийлж, эрс өөрчилж чадсан нэгэн хүнийг бид Хобби буландаа урьсан юм. Энэ буландаа урьсан шалтгаан нь ярилцлагаараа дамжуулж бусдад урам зориг, эрч хүч, зорилго өгөхийг хүссэн билээ.

Суугаа ажил хийх, хүүхэд төрүүлсний дараа гээд сүүлийн үед охид бүсгүйчүүд жин нэмэх нь ихэссэн. Эмэгтэйчүүд ч гэлтгүй зарим эрчүүд мөн “гүзээ” нэмж наснаасаа ахимаг харагдах болсон. “Жингээ хасмаар байна, яах вэ” хэмээн зарим хүнийг хэдэн сар үглэж байх зуур тэрээр аль хэдийнэ 50 гаруй килограммыг есөн сарын дотор хасч чаджээ. Д.Ичинхорлоо эрүүл аргаар буюу хөдөлгөөнөөр турсан бөгөөд дугуйг мөн өөрийнхөө хоббиг болгожээ.

Ингээд өөрийгөө шинээр нээж, зорилго руугаа тэмүүлж яваа Д.Ичинхорлоо гэх бүсгүйтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

“ЗҮГЭЭР Л ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ЗОРИЛГОТОЙГОО ХОСЛУУЛ”

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Д.Ичинхорлоо гэдэг. Одоо 35 настай. Хувиараа бизнес эрхэлдэг. Сүүлийн үед дугуйн спортоор хичээллэж байна даа.

-Та хэн бүхний хийгээд байхааргүй тэсвэр тэвчээрийг гаргаж өөрийгөө бүрэн өөрчилж чаджээ. Ийм үр дүнд яаж хүрч чадав аа?
-Би хүүхэд гаргахаасаа өмнө хэвийн жинтэй байсан. Том охиноо гаргаад жин нэмж, хоёр дахь хүүхдээ гаргахад өмнөхөөсөө ч илүү жин нэмж 130 кг болсон. Үнэнийг хэлэхэд турж, хэвийн жинтэй болох гэж хийж үзээгүй зүйл, хэрэглэж үзээгүй арга байгаагүй. Фитнесс, иогийн хичээлд явж, тураах цай гэх мэт зүйлс хэрэглэж үзсэн. Тэгээд олон зүйлийг туршиж явсаар дугуй унаж турах арга дээр ирсэн. Эхэндээ маш их хүч хөдөлмөр зарцуулсан ч 14 хоногт ердөө нэг килограмм л хасаж байсан. Олон арга хэрэглэж үзсэн би гэдэг хүн шантарвал шантрах л байсан байх. Гэвч дугуй унах нь аль хэдийнээ миний хобби болж хувирсан байсан юм.

Дугуйн дээрээ гараад жийхэд л миний уйтгар гуниг мартагдаж, сэтгэл сэргээд л явчихдаг. Өөрийн сонирхсон зүйлээ хийх гэж тэмүүлж буй хүсэл эрмэлзлэлтэйгээ хослуулж чадвал хүн аяндаа өөрөө хөтлөгдөөд явчихдаг юм шиг санагдсан. Дургүйд хүчгүй гэгчээр өмнө нь фитнесс, иогад явдаг байхдаа өөрөө сонирхолгүй байсан болохоор үр дүнгээ өгөөгүй байх. Зөвлөгөө авах гэсэн бүсгүйчүүдэд би “Өөрийгөө тарган гэж сэтгэл санаагаар унаад, бухимдаж суух хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлээ зорилготойгоо хослуул” гэж хэлдэг юм.

-Хэдэн жил дугуй унаж байна вэ?
-Жил хүрээгүй ээ. (инээв)

-Тийм үү. Би таныг дор хаяж хоёр жил гаруй хугацаанд дугуй унаж байгаа гэж бодож байлаа.
-Энэ жилийн хоёрдугаар сараас дугуй унаж эхэлсэн. Харин ингэж хэлэхээр хүмүүс намайг гайхдаг юм. Мэргэжлийн мундаг тамирчдын хэмжээнд хүрэхгүй ч сонирхогчид дундаа гайгүйд нь орох байх (инээв). Шулуун замаар их явдаг. Харин сүүлийн үед уулын замыг их сонирхож байгаа. Оргил дээр нь гарахаар хэд хэдэн уулыг төлөвлөөд эхнээс нь гараад явж байна. Дугуйтайгаа бүр гарч чадахгүй бол дугуйгаа барьж оргил дээр нь гарчихаад буцаад бууж байж санаа амардаг юм.

-Тэгэхээр анх дугуй унаж эхлэхдээ 130 кг жинтэй байсан гэсэн үг үү?
-Үгүй. 97 кг жинтэй байсан. Дугуй унаж эхлэхээс өмнө өглөө бүр Их тэнгэрийн ам руу алхдаг байлаа. Өвөл байсан ч өөрийгөө битүү баглаж аваад л явна. Тэгсний үр дүнд 30 гаруй кг хасаж чадсан.

-Та өдөрт хэдэн километр замыг дугуйгаар туулдаг вэ. Таны цахим сүлжээн дэх зургуудыг ажиглахад өдөр бүр их хол зам туулдаг шиг харагддаг. Бүр дугуйгаа жийхгүй нэг өдөр л болвол бие чилээд байдаг гэсэн байсан?
-Ихэнхдээ Скай ресорт хүртэл явдаг. Гэхдээ янз бүрийн маршрутаар өөрөө сонгоод л явчихдаг. Дунджаар өдөрт 25-30 км замыг туулдаг. Явдал дундаа амраад, голын эрэг дээр саатах юм бол өдөрт 2-3 цагийг зарцуулдаг юм. Дугуй унадаг болсноос хойш миний бие махбодь тогтсон нэг хэмнэлд дасчихсан шиг байгаа юм. Заримдаа бие чилээд байхаар шөнө ч байсан гараад дугуйгаа жаахан жийчихдэг. Дугуй унах нь биеийн ихэнх булчинг ажиллуулдаг давуу талтай байдаг.

Өвөл дөхөхөөр гэртээ дугуйны суурь авах бодолтой байгаа. Түүндээ дугуйгаа байрлуулаад яг л гадаа дугуй унадаг шигээ жийнэ гэсэн үг. Нөгөө талаасаа хотын автомашины их түгжрээтэй үед дугуйгаар явахад ажил хурдан амждаг. Машинтайгаа түгжирч цаг явах газар 15 минут л яваад хүрнэ. Ингээд ажлуудаа хурдан шуурхай амжуулчихаар үр хүүхдэдээ зарцуулах цаг ч их болдог юм.

-Та хөдөлгөөнөөр жингээ хасахаас гадна хоолны дэглэм барьдаг уу?
-Яг нарийн хоолны дэглэм бол барьдаггүй. Өчигдөр орой гэхэд л би 21.00 цагт оройн хоол идчихсэн. Харин анх дугуй унаж эхлэхдээ өмнө нь иддэг байсан хоолны хэмжээгээ багасгаж эхэлсэн. Орой 18.00 цагаас хойш хоол идэхгүй, хоол идэх дуршил төрвөл хорхой ааруул иддэг байсан. Гэртээ ширээн дээрээ, хөргөгчнийхөө гадна, хөргөгчин дотроо гээд бараг өөрийгөө тойруулаад тавагтай хорхой ааруул тавьчихдаг байсан. Би угаасаа цагаан идээнд нугасгүй хүн. Цагаан идээ их өег, өл дарчихдаг юм.

Эхэндээ хэцүү байсаан. Ойр ойрхон хөргөгчөө онгойлгож үзнэ, дэргэд хоол идэхгүй байхыг гэрийнхнээсээ гуйна, тэсэх гэж их зовно. Гэхдээ дэглэм барьж байгаа хүн эхний 14 хоног л тэсчих юм бол яваандаа гайгүй болж, ходоод ч агшаад тэр хэмжээгээрээ иддэг болчихдог юм билээ.

-Дахиад хэдэн килограм хасах бодолтой байна вэ?
-Би одоо 75 кг байгаа. Дахиад 10 кг хасах бодолтой.

“ТАНИЛУУД МААНЬ ТАНИХГҮЙ БОЛЖ, ХАЙРТАЙ ХҮН МИНЬ НҮҮР БУРУУЛАХ ТЭР ҮЕД Л ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГОСОН”

-Та их эрүүл аргаар буюу хөдөлгөөнөөр турж байна. Гэтэл зарим хүн биеийн амрыг харж янз бүрийн цай, тураах эм бэлдмэл хэрэглэдэг. Энэ талаарх таны бодол?
-Би энэ хугацаанд нэг зүйлийг сайн ойлгосон. Ямар ч хүч хөдөлмөр гаргалгүй, телевиз үзэнгээ тураах цай уугаад турна гэж, уучлаарай хэзээ ч байхгүй. Би тэр тураах цай энэ тэрийг нь уугаагүй биш ууж байсан. Гэхдээ турдаг ч эргээд таргалахдаа хассан жингээсээ илүүг нэмдэг юм билээ.

Мөн найрлаганд нь химийн янз бүрийн бодис байдаг болоод ч тэр үү эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс жин хасах гэж байгаа хүнд заавал хөдөлгөөн хэрэгтэй. Турахыг хүссэн хэд хэдэн бүсгүй надтай холбогдож хамтдаа дугуйгаар явсан. Гэтэл ихэнх нь замаасаа шантарсан. Надтай ханиндаа дугуйгаар явах нь чухал биш. Би тэднийг мөн л зорилгодоо хүрч, жингээ эрүүл аргаар хасаасай гэж хүссэн юм.

Зорилгодоо хүрэхэд зам нь дардан байна гэж байхгүй. Эхэндээ үнэхээр хэцүү санагдаад дугуйгаа хаяад уйлж суух ч үе надад байсан. Ядарч сульдана, өвдөнө бэртэнэ. Гэхдээ тэр болгонд нь хойшоо суугаад байсан бол би өнөөдөр хуучин шигээ л байх байсан.

-“Өөрийгөө өөрчлөх цаг нь болжээ” гэж хэзээ, ямар үед бодогдов. Танд юу тэгтлээ их нөлөөлсөн бэ?
-Ерөөсөө л хүмүүс намайг танихаа байчихсан. Дунд сургуульд хамт сурдаг байсан ангийн хүүхдүүд маань ч танихгүй. Мөн тарганаасаа болж овортой харагддаг байсан болохоор надаас хамаагүй ах, эгч хүмүүс “эгч ээ” гэж авгайлна. Нэг удаа их дэлгүүрт явж байгаад хуучны танил ах эгч хоёртойгоо тааралдсан юм. Гэтэл намайг таниагүй. Хүн андуурсан юм болов уу гэсэн харцаар намайг харсаар эцэст нь нэг юм таниад “Тийм хөөрхөн байсан охин нээрээ…” гээд л толгой сэгсрээд байсан юм. Бас нөгөө талаас хайрлаж явсан хүн маань итгэл алдахад үнэхээр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж боддог юм билээ. Гэхдээ би эцсийн дүнд сонголтоо хийж өөрийгөө ялан дийлж чадсан.

-Харин одоо эсрэгээрээ, хүмүүс таныг танихгүй байна уу?
-Тийм. Төрсөн ах минь хүртэл таниагүй. Уулзаагүй гурван сар болсон байсан. Манайд ирэхэд нь бид байрны гадаа тааралдтал “Хүүе ээ, чи чинь ямар аймаар турчихсан юм бэ. Надтай заримдаа тааралддаг байсан хар багтай дугуйчин эмэгтэй чи байсан юм уу” гээд л гайхаад байсан. Хэд хоногийн дараа ах минь залгаад “Ах нь чамд чанартай, сайн дугуй авсаан. Хүрээд ир” гээд энэ дугуйг бэлэглэсэн. Өмнөх дугуй маань эвтэйхэн ч гэлээ муу дугуй байсан юм.

Бас саяхан нэг хөгжилтэй явдал тохиолдсон нь машинтай явж байхад замын цагдаа зогсоогоод үнэмлэхээ үзүүлтэл өөр хүний үнэмлэх байна гээд нэлээн юм болсон. Цаана зогсож байсан өөр нэг цагдааг дуудаад “Энэ үнэмлэхний зурган дээрх хүн энэ эмэгтэй гэнэ ээ. Чи итгэх үү” гэж хүртэл асуусан. Аз болоход утсан дээр минь байсан өөрийнхөө “хувьсал”-ын зургуудаа үзүүлж нэг юм итгэсэн дээ. Ойрын хугацаанд үнэмлэхнүүдийнхээ зургийг солиулах хэрэгтэй болчихоод байна (инээв).

-Эмэгтэйчүүд нөхөрт гарч, хүүхэд төрүүлээд гэр орны ажил гэсээр өөртөө анхаарал тавих нь багасдаг мэт санагддаг. Гэвч эмэгтэй хүн гэртээ ч сайхан хувцаслаж, өөрийгөө арчилж тордох хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг. Энэ талаарх таны бодол?
-Эмэгтэй хүн нөхөрт гарахаараа өмнө нь өөрт зарцуулдаг байсан цагаа гэр бүл, үр хүүхдүүддээ зориулдаг болчихдог. Аливаа юманд зааг, хязгаар хэрэгтэй. Би ч тийм байсан. Төгс гэрийн эзэгтэй, эхнэр байх гэж байдгаараа хичээж “би л хийх ёстой” гэсэн бодолтой байсан. Тиймдээ ч эмэгтэй хүн өөртөө цаг зав зарцуулж чадахгүй, анхаарал тавилгүй эцсийн дүндээ таргалалт гэдэг зүйлтэй нүүр тулдаг юм шиг санагддаг. Тэгэхээр бүсгүйчүүд өөртөө заавал цаг зав гаргаж, өдөрт дор хаяж гурван цагийг зарцуулах хэрэгтэй. Тэр гурван цагтаа фитнестээ явж, гарч гүйж, бүр гарах боломжгүй бол гэртээ сайхан хөгжмөө чангалаад бүжиглэсэн ч болно.

Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлээ хий. Нэгэн хэвийн гэр орны ажил, хүүхэд арчилгаа, хоол унд гэсээр байвал эмэгтэй хүн хэзээ нэгэн цагт “тэсэрдэг” юм. Тэгэхээр эмэгтэйчүүд өөртөө зориулж заавал цаг зав гаргах ёстой.

-Жин ихтэй хүмүүс хууч өвчинтэй байх нь элбэг байдаг. Та өмнө нь их өвддөг байв уу?
-Тарган байхдаа өвддөг байсан тэр үеэ дурсахаар л надад аймшигтай санагддаг. Онош нь тогтоогдохгүй өвчин намайг зовоож, байнга л эмнэлэгээр явдаг байлаа. Толгой, үе мөч их өвдөж шөнөдөө өвчин намдаах эм хэрэглэж унтана. Нуруу өвдөөд босч чадахгүй үед хүнээр өргүүлж, таяг тулж явдаг байсан. Даралт байнга ихсэж, дархлаанаас болоод ч тэр үү хатиг гэдэг зүйл надаас салдаггүй байлаа. Тухайн үед ч мөн эмч нар “Залуу хүүхэд байж турах хэрэгтэй” хэмээн зөвлөдөг байсан.

-Харин одоо…?
-Сүүлийн нэг жил ханиад хүрсэнгүй, өвчин намдаах эм ч хэрэглэсэнгүй. Дугуй унахаар биед их ачаалал өгдөг учир одоо мультвитамин л ууж байна. Харин хуучин уудаг байсан эмнүүдээ одоо харахаар айдас төрдөг шүү (инээв)

-Өмнөх болон одоогийн Ичинхорлоо гэдэг бүсгүйчүүд гадаад байдлаараа хоорондоо эрс тэс ялгаатай болжээ. Харин өөр ямар өөрчлөлтийг хийж чадсан бэ?
-Одоо бодоод байхад өмнө нь би аливаа зүйлд шантрамтгай байсан юм шиг санагддаг. Харин тэмүүлсэн зүйлийнхээ үр дүнг үзэж, зорилгодоо хүрэх нь ямар гайхалтай байдгийг мэдэрчихсэн учраас би шантрах гэдгийг мартсан байна лээ.

Мөн өөртөө илүү итгэлтэй, эрч хүчтэй болсон. Урьд нь “чадахгүй байх аа” гэдэг үгийг их хэрэглэдэг байсан бол одоо “би чадна, хийх ёстой” л гэдэг болсон. Хүнтэй харилцахдаа ч гэсэн өөртөө илүү итгэлтэй болсон.

-Энэ их эрч хүчийг та хаанаас авдаг вэ?
-Би хоёр хүүхдээсээ их эрч хүч авдаг. Тэд минь намайг их дэмжинэ, урамшуулна. Ирэх жилээс хүүхдүүдээ ч мөн дугуйчин болгох бодолтой байна. Бас ах дүү нар, найз нөхөд минь их урам өгдөг.

Зарим хүмүүс “Чи хангалттай турсан байна. Одоо дугуй унахаа болихгүй юм уу” гэж асуудаг. Эхэндээ бол турах зорилготойгоор дугуй унасан нь үнэн. Харин зорилгодоо хүрчихлээ гээд орхих биш гэр бүл, найз нөхөд, хүмүүсийн урмаар тэтгэгдээд явж байгаа би нэгэнт хоббигоо болгочихсон учир дугуй унахаа болино гэж байхгүй. Дугуй дугуй бас дахин дугуй гэсэн зарчмаар л явж байна даа (инээв). Ойрын хугацаанд Богд уулыг тойрох санаатай байгаа. Сүүлийн үед мэргэжлийн хэд хэдэн дугуйчин найзтай болсон. Тэд маань надад их зааж зөвлөдөг юм.

-Та эрүүл сайхан болохоосоо гадна өөрийгөө шинээр нээж, амьдралыг өөр өнцгөөр харах болсон байх. Одоо таны дараагийн зорилго юу вэ?
-Мэдээж хүссэн хэмжээндээ хүртэл жингээ хасна. Тарган байхын зовлонг сайн мэддэг учир жин ихтэй хүмүүст өөрийнхөө туршлагаас хуваалцаж, мэддэг чаддаг зүйлээрээ тусалж дэмжих бодолтой байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here