СУРВАЛЖЛАГА: Машины ченж нар иргэдийн амь насанд заналхийлсээр байх уу!

0

Xүний амь настай холбоотой автомашины ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 21346 зам тээврийн осол бүртгэгдсэний 35 буюу 0,2 хувь нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдсэн байна. Сүүлийн зургаан сарын статистик судалгаанаас үзвэл, хурд хэтрүүлснээс үүдсэн осол 86 хувь, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн осол 3,2 хувь, автомашины бүрэн бус байдлыг хангаагүйгээс үүдсэн осол 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харамсалтай нь эдгээр ослын улмаас нийт 420 хүн нас барж 3557 хүн гэмтэж бэртжээ. Албаныхны зөвлөж буйгаар, жолооч эрүүл үедээ хөдөлгөөнд оролцох, машины бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулан зорчих зэргээр өөрийнхөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадна гэдэг. Гэвч дээрх зүйлсээс шалтгаалахгүйгээр автомашины осол гарч, иргэд эрүүл, мэнд эд хөрөнгөөрөө хохирч байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирсний дагуу сэрэмжлүүлэг болгон дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООНЫ ХҮРД ЦООЖЛОГДДОГ –

Манай улс нийт 847 414 суудлын автомашинтай ба эдгээрийн 60 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Харин энэ онд хилээр орж ирсэн автомашины тоо өнгөрөгч оныхоос 61 хувиар нэмэгдсэн гэх мэдээлэл бий. Импортын автомашинуудын 90 хувь нь Япон улсаас орж ирдэг ба энэ онд тус улсаас орж ирэх автомашины тоо 27 хувиар нэмэгджээ.

Харин иргэдийн дунд, автомашины худалдаа эрхлэгчид буюу бидний ярьдгаар зарим ченжүүд гадаад улсдаа осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирэн, вьетнам авто засварт өгч янзлуулаад зардаг гэх мэдээлэл байна.

Тодруулбал, авто машин худалдаалдаг зарим ченжүүд Японд осолд орсон, ашиглах боломжгүй болсон машинуудыг интернэтээс хямд үнээр худалдан авч Монгол руу ачуулдаг байна. Улмаар эвдрэлтэй машиныг Вьетнам засварт өгөн янзлуулаад бичиг баримтыг өөрчлөн, Япондоо явж байсан асуудалгүй машин хэмээн өндөр үнээр худалддаг ажээ.

Энэ талаар гаалийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад, дээрх мэдээллийг үгүйсгээгүй ба өдөртөө дунджаар дөрвөн чингэлэг гаалийн хяналтын бүсэд буудаг аж. Өмнө нь эвдэрхий автомашинууд харьцангуй бага орж ирдэг байсан ч сүүлийн гурван жилд эвдрэлтэй машинуудыг олноор оруулж ирэх болсон байна. Чингэлэгээс буулгасан зарим машинууд өөрөө явах боломжгүй, учир ачигч машинаар засварын газрууд руу зөөдөг. Автомашины маркийн хувьд ихэвчлэн Тоёота Приус, Хареер, Хонда гэх мэт машинууд байдаг гэлээ.

Ийнхүү эвдрэлтэй автомашин оруулж ирэн худалддаг нэр бүхий 3-4 компани байдаг гэх ба эдгээр компаниудын оруулж ирсэн машиныг л засдаг Вьетнам засвартай болох хүртлээ өргөжсөн гэдгийг мэдээлэл цуглуулах явцдаа олж мэдсэн юм. Улмаар нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн засварын газарт иргэний хувиар очиж зарим зүйлийг сонирхсон юм.

Засварчин бололтой Вьетнам эрээс, Японоос дөнгөж орж ирсэн машин хэдээр засах тухай асуутал, ямар асуудалтай талаар лавлаад эвдрэлийг харж байж болно. Үнийн хувьд манай дарга хэлнэ, гэхдээ одоогоор эзэнгүй байна гэж хариулсан юм.

Түүний хэлж байгаагаар, Японоос орж ирсэн эвдрэлтэй машинууд ихэвчлэн жолоодлогын тохиргоо алдагдсан, цахилгааны гэмтэлтэй, аюулгүйн дэр задарсан байдгаас гадна цөмөрч, чихэгдсэн байдаг гэсэн юм. Харин эдгээр машинуудыг импортоор оруулж ирж буй газрууд зарим тохиолдолд зөвхөн гадна талын харагдах байдлыг засуулдаг гэнэ.

Өнгөрөгч есдүгээр сард гэхэд Тоёота Приус-20 маркийн хоёр ч машин шалтгаангүйгээр шатсан хэрэг гарсан. Харин энэхүү машины эзэд худалдаж аваад удаагүй байсан гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Харин галын шалтгааныг тогтооход гадны нөлөөгүй, цахилгааны холбоо үүссэнээс үүдсэн хэмээх дүгнэлт гарсан байдаг. Цаад шалтгааныг нь сураглавал, машины цахилгаан хөдөлгүүр норсноос үүдэн ийнхүү гэмтэл гарах тохиолдол байдаг гэх ба Японд болсон байгалийн гамшгийн үеэр олон тооны живсэн машин манай улс руу ирсэн гэдэг мэдээлэл ч байна.

Мөн түүнчлэн Приус автомашинтай иргэдийн дунд хурдтай явах үед жолооны хүрд цоожлогддог тухай мэдээлэл гарсан байдаг ба учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар эвдрэлтэй машинуудынх ийнхүү цоожлогддог байна.

Манай улс техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг тухай мэдээлэл бий юм.

Хэрэв үнэхээр хэсэг бүлэг автомашины ченж нар ийнхүү осолд орсон, эвдрэл гэмтэлтэй автомашинуудыг оруулж ирэн өндөр үнээр худалдаж байгаа нь үнэн бол эдгээр хүмүүс иргэдийн амь насанд заналхийлж байгаа хэрэг мөнөөсөө мөн билээ. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан дээрх асуудлыг нягталж үзэх, холбогдох хууль тогтоомж хяналт шалгалтыг чанаржуулах шаардлага хэдийн бий болоод байна.

Гаалийн хяналтын бүсэд бууж буй эвдрэлтэй машины бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here