Өнөөдрөөс торгож эхлэх замын хөдөлгөөний шинэ дүрмүүд

0

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг маргаашаас /2018.11.01/ эхлэн мөрдөнө. Шинэчилсэн дүрэмд зааснаар, зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээрээс хүүхдийг тээвэрлэхдээ заавал хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулсан гол шалтгаан нь юу вэ?

1930 оноос хойш Замын хөдөлгөөний дүрэм Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Хамгийн сүүлд 2004 онд замын хөдөлгөөний дүрмийг шинэчилсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт ороогүй. 2004 оны замын хөдөлгөөний нөхцөл байдлыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай.

Мэдээж хүн ам хурдацтай өссөн, хотжих үйл явц ч хүрээгээ тэлсэн. 2004 онд Монгол Улсад 280 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол өнөөдөр 900 мянга болж нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зам тээврийн ослын улмаас жилд 500 орчим хүний амь нас эрсдэж, 2000 орчим хүн гэмтдэг гэх статистик баримт бий. Ослыг таслан зогсоохын тулд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Дүрэмд зайлшгүй цаг үеийн шинжтэй өөрчлөлтүүд орох шаардлагатай байгаа юм.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон байсан. Маргаашнаас эхлэн дээрх дүрэм мөрдөгдөж эхэлнэ. Тэгэхээр жолооч бүр хамгаалалтын хэрэгслийг хүүхдэд хэвшүүлэх шаардлагатай болж байна. Үүнд ямар журмаар зохицуулалт хийх вэ?

Сүүлийн үед хүүхэд зам тээврийн ослоор амь эрсэдсэн осол буурахгүй, өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 55 хүүхэд зам тээврийн осол хэргийн улмаас амь насаа алдсаны 46 нь орон нутгийн замд болсон байдаг. Дийлэнх тохиолдолд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй, суудлын бүс зүүлгээгүй зэргээс хүүхдийн амь нас эрсдэж байна. Замын хөдөлгөөний хуучин дүрэмд гурав хүртэлх насны хүүхдийг зөвхөн хамгаалалтын суудалтайгаар тээвэрлэж болно, эсхүл эцэг эх нь өвөр дээрээ суулгаад явж болно гэж заасан.

Харин гурван наснаас дээш 12 хүртэлх насны хүүхдийг олон тоогоор тээвэрлэж явахыг хориглосон заалт байдаггүй. Энэ заалт нь эргээд хүүхдийн амь насанд халдаж байна. Иймээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд арав хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудалгүйгээр тээвэрлэхийг хориглосон. Тэгэхээр арав хүртэлх насны хүүхдийг заавал нэмэгдэл суудал буюу аюулгүй байдал хангасан суудал төхөөрөмжжөөр хангагдсан машинд тээвэрлэх ёстой үг.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас, биеийн өндөр, жин, биеийн онцлогт нь тохируулаад хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэх нь өөрсдийнх нь сонголт. Хэрэв хүүхдийн биеийн өндөр нь 140 см-ээс дээш өндөртэй бол хамгаалах бүс эсвэл суудал өндөрсгөгчийг хэрэглээд тээвэрлээд явах бүрэн боломжтой. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд тусгагдсанаар хамгаалалтын суудал нь олон улсын iso стандартын шаардлагыг хангасан байх ёстой.

Одоогоор Монгол Улсад хүүхдийн суудлын стандарт байхгүй хэдий ч олон улсын стандартын дагаж мөрдөх шаардлагатай болж байна. Ялангуяа олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ хамгаалалтын хэрэгсэл худалдаж авхаас татгалзах хандлагатай байдаг. Гэтэл хүүхдэдээ хамгаалалтын хэрэгсэл авч өгөөгүйн улмаас зам тээврийн осолд өртөөд тухайн хүүхэд хүнд хөнгөн гэмтэх цаашлаад амь насаа алдахаас хамгаалахын тулд л заавал хамгаалалтын хэрэгсэл хэрэглэхийг шаардаад байгаа юм. Иргэд заавал цагдаад торгуулахдаа биш хүүхдийнхээ болоод өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын хэрэгслийг хэрэглэх шаардлагатай.

Тэгвэл такси үйлчилгээнд явж байгаа суудлын автомашинд ямар шаардлага тавьж байна вэ?

Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээнд явж байгаа суудлын автомашинд арав хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхээр болвол зайлшгүй насанд хүрсэн асран хамгааалагч нь тухайн хүүхдийг аваад арын суудалд тээвэрлэж авч явна гэж заасан байгаа. Хэрэв 140 см-ээс дээш өндөртэй хүүхэд бол арын суудалд хамгаалах бүсийг нь хэрэглүүлж тээвэрлэнэ. Мөн хүүхэд тээвэрлэж яваа хүүхдийн автобусуудад суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Дүрэм хэрэгжээд эхлэхээр цагдаагийн байгууллагаас дүрмийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр иргэдэд шаардлага тавиад ажиллана.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм мөрдөгдөөд эхэлсэн хугацаанд хүүхдийг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр тээвэрлэсэн тохиолдолд хуулийн дагуу ямар арга хэмжээ тооцох вэ?

Мэдээж цагдаагийн байгууллагаас шаардлага тавина. Шаардлага тавиад байхад иргэд зөрчлийг удаа дараа гаргах юм бол Зөрчлийн тухай хуулиар хүн тээвэрлэх журам зөрчсөн буюу 50.000 төгрөгөөр торгох хүртэлх арга хэмжээг авахаар заасан байгаа. Гэхдээ торгохдоо гол нь биш хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдал яригдаж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

source: news.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here